Бөмбөгөр Делика

Space Gear гэсэн тодотгосон нэртэй энэ бөмбөгөр загвар нь манай монголчуудын унах дуртай загвар байлаа. Түүний өмнөх дөрвөлжин хийцтэй Star Wagon нь мөн л монголчуудын дуртай загвар байсан. Ер нь Делика юугаараа тэгж хүмүүсийн сонирхлыг татсан юм бол.

Түүний багтаамж бөгөөд туулах чадвар юм. Оффроад төрлийн микро автобус гэх ч юмуу нэгэн шинэ төрлийг төлөөлж байгаад орших юм. Toyota, Nissan болон бусад үйлдвэрлэгчдийн 4WD микро автобус байдаг. Гэхдээ бүрэн оффроад хийх болоцоогүй юм. Харин Деликад бол 4 дугуйн хөтлөгч систем, нэмэлт бууруулсан дамжуулга, төвийн дифференциал түгжигч гээд жийпэнд байдаг тусгай нэмэлтүүд байсанд оршиж байгаа юм. Мөн гадна талдаа ч тэр урд хойд хамгаалалт, прожектор суурилуулж болдог гээд олон давуу тал бий.

Тэр ч байтугай шилэн дээвэртэй загвараас сонгон авч наран шарлага хийх ч бололцоотой, ерөөсөө маш универсал автомашин байсан. Дөрвөлжин загвар нь 2 хаалгатай Пажеро загварын суурин дээр хийгдсэн болохоор жаахан богино, донсолгоо ихтэй, оцогноод байдаг байсан юм. Гэхдээ давуу тал нь бүтэн рамтай байсан явдал. Харин бөмбөгөр Деликад хагас хамар хийж өгөн жолоодоход эвтэйхэн болгохын зэрэгцээ монокок гэсэн бүтэн рамгүй кузов тавьж туслах тэвшин рамыг урд талд хийсэн бол хойд тэнхлэг нь шууд кузовт бэхлэгддэгээр хийсэн байдаг.

Энэ нь нийт жинг хөнгөрүүлсэн юм. Гэхдээ замаас ирэх дэржигнэх дуу өмнөхөөс их болсон юмдаг. Хөдөлгүүрийн хувьд бол 2.5 тай дөрвөлжин деликан мотортой байснаа дундаасаа алдарт 4М40-интеркүүлер мотор тавигдсанаар хүч нь нэмэгдсэн.

Мөн 2.4 литрийн 4 цилиндртэй бензин мотор байдаг боловч цөөхөн. Хот дотор бол зугуухан явахад бол гайгүй боловч холын замд арай л багадсан. Өгсүүр газар хараад л алсаас орилоод эхэлнэ шүү дээ, нэг мэдэхэд л таны хөл хаазаа шаланд тултал гишгэсэн байх вий. Хэрэв механик араатай бол дээр үеийн орос тэрэг өөд өгсөж байгаа юм шиг “араага салгаад уунн гэж нэг хааз өгөөд араагаа хүндрүүлж уууууу” гээд орилуулаад л сонирхолтой байна.

Харин 3.0 литрийн V6 хөдөлгүүр бол хүчтэй, сайхан явна. Гэм нь бензинийг жаахан цохино, тэрнээс өөр гэм байхгүй. Мэдээж тосыг нь солихгүй удаах юм бол тосон клапан гацах зэрэг асуудал гарна. Урд талын жижиг капот дотор засвар үйлчилгээ хийнэ гэдэг ярвигтай.

1997 оны 7 сараас урд талын дизайн хажуу крыло зэрэг бага зэргийн өөрчлөлтүүд хийгдэн гарсан. Бөмбөгөр Деликаны урд тэнхлэг хэд хөдөө яваад л алцайгаад ирнэ, дуу орно. Амаржин муудлаа гээд л солино шүү дээ. Тэр ч байтугай дэржигнүүртэй замд явж байтал гүйдэг хаалганых нь шил нь салаад унасан юм даг. Бас тэр голын хөгжмийн хүрээ пиавар нь яагаачгүй байхад л цуураад хагарчихна.

Тэр нь тэгдэгийг мэдсэн сэлбэгийхэн үнийг нь хадаадаг юм байгаа биз дээ. Сүүлдээ олдохоо болихоор нь хуучнаа наагаад л будаад тавина даа. Хөөрхий минь монголд зовлон их үзсэн байхдаа зайлуул. 7 жуулчин ачаатай суулгаад л холын замд гишгэхэд хар утаа олгойдуулаад чүү ай 120 хүрнэ дээ. Эргэлт дээр аргагүй л тоормоз гишгэхгүй бол болохгүй, өндөр зэгзгэр болохоор шууд л налаад ирнэ. Ер нь ч тэгээд манайхан нилээн унагаасан байдаг юм. Ландуудтай цуг гараад давхивал чирэгдээд сүйд болно.

Харин тааваараа гэр бүлээрээ явбал эвдрэл ч гайгүй. Сайхан яваад ирнэ шүү хөөрхий.

Салон энэ тэрийг манайхан бүгд мэднэ дээ сайхан зайтай, суудал нь янз бүрээр хөдөлдөг, эргэдэг, ор болдог гээд л жинхэнэ Outdoor аялал хийх машин шүү. Хойшоогоо урд хүмүүс дамжаад орчихно. Заримд нь нэмэлт илүү суудал, цонхны хөшиг ширээ байдаг гээд сонголт ихтэй. Жолоочийн суудал ч их дээрээс орчныг тольдоод сайхан л байдаг юм. Өвөл ч давгүй дулаахан, зун сэрүүнээр үлээлгэх нүх олонтой. Гүйдэг хаалга нь дутуу хаагдсан үед гүйцээж хаадаг систем, буух үед гадна гишгүүр гарч ирдэг гээд тав тухыг хангасан зүйл олонтой. Ер нь Mitsubishi-ийн машинууд салоны байдал, материалын сонголт илүү, нэг деталийн загвар нь олон машинд давтагдаад байхгүй байдаг онцлогтой.

Нэгэн хэсэг Делика ч манай жуулчны гол унаа байлээ шүү дээ. Голдуу л дизель байдаг бөгөөд бензин хөдөлгүүр их бензин хэрэглэх учир жуулчны компаниуд тэр болгон сонирхоод байдаггүй юм билээ. Деликатай бол зун цагт муу ногооныг халаасалж өгдөг юм байгаа биз дээ.

Гэтэл нэг асуудал гараадхав. Юу вэ гэтэл нөгөө золигийн хаалга нь зүүн талдаа болохоор гадаадын жуулчид замд зогсоод буухаараа тал нутаг хараад ухаанаа алдаад гүйгээд л буудаг байхгүй юу, тэгсэн цаанас нь ирсэн машин сигналдаад л бараг дайрчих шахдаг юм байна л даа. Бас дээр нь Манай Деликачид холын замд гарахаараа уралдаад гүйцэд түрүүлэх гэж айлгаад хаячихдаг байна. Энэ мэтчилэн яах вэ гээд байж байтал Шийлэгдамба гэх Баянговь жуулчны баазын эзэн байсан нөхөр Аялал жуулчлалын агентлагийн дарга болдог юм байна. Тэгээд шинэ юм юу хийдэг юм билээ гэж байснаа “Буруу рультэй машинаар жуулчид тээвэрлэхийг хориглоно” гэсэн журам гаргаадахав. Деликачдад хүнд цохилт боллоо. Одоо яанаа ийнээ гээд жуулчны компаниуд, деликачид эсэргүүцлээ.

Гэвч журам өөрчлөгдсөнгүй. Делика ч моодноос гарах юм болов. Гэхдээ монголын хууль 3 хоног гэдэг шиг нэг хэсэг сүржигнээд нөгөө деликанууд мэр сэр жуулчинд явж байв. Тэгээд ч деликаны дараа үе гэх D:5 гэгч нь зүгээр л микр шиг болчихсон болохоор тэгс хийгээд орж ирэхээ больсон ба дээр нь онцгой татварын хууль нөлөөлсөн. Нэг хэсэг шугамын микрүүд зөв рультэй гэдгээрээ жуулчид зөөлөө, гэвч бас л ранк дутдаг юм байгаа биздээ. Делика-гаа санагалзсан жуулчны компаниудад Hyundai Starex гэсэн шинэ сонголт гарч иржээ. Энэ нь өргөн болгосон делика байв.

Бас энгийн ачааны зориулалттай хойд хөтлөгчтэй, 2 талдаа гүйдэг нэвт хаалгатай нь байдаг. Тэр нь бол одоо энэ энгийн Starex-тай бараг адил юм.

Эх сурвалж: Тойм бичигч Р.Энхболд | www.autohelp.mn

Сэтгэгдэл