Жанам шатсан нь

Алтан намар мөнгөн өвлийн заагаар Өвөрхайнгай руу хоёр Делика ганган гарсан юм. Элсэн тасархайд очиж тасарцан зураг даруулаад л Тарагт сум хүрчихээд буцаж явтал Эмээлтийн наана бүрий тасарч холын гэрлээ асаатал нэг л бүүдийгээд явчихав. Харьж байгаад гэрлээ нэг үзье ухааны юм бодоод их хотын түгжрээг гүйцээгээд яг гэрийн гадаа иртэл машин маань ямар ч тоггүй болж, хянах дээр аккумуляторын гэрэл нэг анивчаад нам. Ямар азаар нэгдүгээр эгнээнд явж байсан юм, гэхдээ л зам дээр зогсох онцгүй юм билээ.

Жанамны ремень тасарчихав уу гэж бодоод капот сөхөж харвал зүв зүгээр байна. Хоёрдахь машин маань аль 1-р хорооллоос салаад явчихсан байдаг. Гал хамгаалагчуудаа үзлээ. Ямар ч байсан аккумуляторын 2 гал хамгаалагч байдгийг тэр үед л мэдлээ. Нэг нь аккумуляторын нэмэх шон дээр, нөгөөх нь капотны зүүн талын үндсэн гал хамгаалагч дунд байдаг юм байна. Хоёулаа зүгээр байна. Хойд хаалганы өнөөх гайтай олон утаснууд нийлчихсэн юм болов уу гэж бас ухаж үзлээ. Мэдэгдэх юм алга. Огт эвдэрдэггүй машинтай хүн яг энэ үед бас л эвгүй мэдрэмж авдым байна хахахах. Нөгөө машин маань буцаж ирэх гэж бараг цаг гаран зам дээр зогссон байдгийн.

Ингээд аккумулятор оо сольж тавиад түлхүүр түлхвэл юу ч болоогүй юм шиг аслаа. Дотор ч онгойлоо. Жанам шатсан нь энэ байжээ.
Маргааш нь задаргааны хуучин жанам авчраад итгэл дүүрэн түлхүүр түлхтэл….Нам. Бас нэг шатсан хог байж. Орж ирсэн жанам 500-600к гэх. Арай л юм аа
Ингээд жанам засварчинд үзүүлтэл Реле нь явчиж гэнээ. Арван ажилгүй жанамны 9 нь реле явсан байдаг гэнэ. Ингээд 180к аар реле солиод машин аа асааж авсан байдаг юм.

Ингээд бодохоор миний машин Эмээлтээс нааш дан аккумулятороор бараг 25-30км явчихсан байгаам. Тэгээд яг гэрийн гадаа унтардаг “Хийморьтой” унаа юмаа гэж бахдах ч шиг.

Хамаг шар хөдлөөд, хэд хоног чухам юунаас болж жанам шатдаг талаар судлав. Тэгсэн жанамыг 100000км дотор заавал сервис хийж байх ёстой юм гэнэ. Бас аккумуляторын клем сул байх эсвэл жанам халснаас эсвэл ус чийг орсноос исэлдээд шатдаг байх нь байна шүү андууд аа. Бас дизель, бензин машины жанамууд ондоо байдаг юм байна гээд их л зүйлийг олж мэдсэнээ энд хуваалцлаа.
Ядаж жанам зүгээр эсэхийг энгийн тестерээр шалгачихаж байгаарай. Машин унтарсан үед аккумулятор 12,6В орчим, харин машин ассан үед 13,8-14,6В зааж байвал хэвийн гэж үздэг юм байна шүү. Зарим зураг оруулав.

Дашрамд хэлэхэд үргэлжийн ар талын асаалттай танк болж байдаг Тулгаа ахдаа маш их баярладаг шүү.

2024.12.04


Сэтгэгдэл